18/09/2024
Жил жилийн зун нутагтаа л очихсон, Монгол ногоогоор хоол хийхсэн гэдэг сэрүүн зүүд биелж, эх орны шинэ ургацын ногоо цагаатай чамлахааргүй нөхөрлөж яваад ирсээн.
Энэ зуур амссан бүхэнд амт нь таашаагдсан -ны зураг бичлэгээ янзаллаа, туршиж, хийж үзээрэй.
Укроб буюу Dill гээч хаа сайгүй байдаг ургамал, яаж яваад энэ зуны трэнд болов гэхээр...
Нэг өдөр ногооны захаар ортол шив шинэхэн укроб, үндэс шороотой юутай хээтэй нь боочихсон багсайж байв. Олны дундаас онилоод очингуут онцгой үнэрээрээ ховсдон “намайг аваач” гэх шиг л ургамал ногооны хэлээр ярьж, дуулдаг болохоор... би тийм тохиолдолд тэвэр дүүрэн юмтай буцна. Гэртээ очоод өнөө хөөрхөн, гоё юмнуудаа яаж амталж, амилуулж, ид шидийг нь үзэх вэ... гэдгээ бодно, шийднэ.
Ер нь би яг энийг хийнэ гээд ярайтал бичээд гарч юмаа цуглуулдаг төрлийн хүн биш, хаа байгаа газар ус, цаг улирал, орчин нөхцөлдөө аль элбэг дэлбэг юмаар хооллохыг илүүд үзнэ. Энэ нь алсдаа эргэх холбоонд ээлтэй, хүмүүний эрүүл оршиход тустайнх...
“Жор дагаж бус Улирал дагаж хооллоё” гэдэг уриалгаар, энэ мэтийн трэнд төрдөг өө.
Манай нэг боодол укроб Япон шиг жижиглэж худалдаалдаг газар бол 5-10 уут болохоор арвин нүнжигтэйнх, нилээд удаагийн хоолны хачир, зууш болом.
ОРЦ:
Укроб
Өргөст хэмх
Цангис-сонирхлоороо
СОУС:
Лимоны шүүс юмуу цагаан цуу/будааны, алимны, усан үзэмний аль нь ч байж болно/
Тос /Оливын, будааны, усан үзэмний зэрэг/
Давс, перц
ДАРААЛАЛ:
-Укробоо угааж усыг нь сэгсэрч хатаана.
-Өргөст хэмхээ шоо дөрвөлжин хэрчээд давс цацаад ус ялгартал түр байлгана.
-Соусаа бэлдэнэ. Саванд лимоны шүүс юмуу цагаан цуу, давс, перц, тосоо хийж сүүмс болтол сайтар хутгана.
-Соусанд цангис жимсээ хийж дэвтээнэ.
-Өргөст хэмхээс ус ялгараад ирэхээр усыг нь базаж, соустай савандаа хийнэ.
-Укробоо тааруулж хэрчээд соустай савандаа хийж холиод, давс перцээр амтыг нь тохируулаад бэлэн болно.
Өглөө өдрийн хөнгөн хоолонд хачир болгож, махан хоол, хүнд хоолонд зууж болгож хэрэглэсэн ч болно.