06/02/2026
“ТЭНГЭРИЙН ХУВИЛГААН ОЧИРВААНЬ БУРХАН-ЧИНГИС ХААН” Чингис хааныг Очирваанийн хувилгаан гэж хүндэтгэн үздэг.
Монголчууд эртнээс өнөөг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирлээ.
Хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, их хүчтэн, бүхий л сахиусуудын тэргүүн, шулмасын орны хорлолыг дарагч их сахиус гэх бөгөөд нууцын орныг сахин хамгаалагч учраас “Нууцын эзэн” гэж ёгтлон нэрлэсэн байдаг.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрслэх урлагийн бүхий л аргаар бүтээсэн “Очирваань бурхан”-ы дүр бүхий үзмэрүүдийг дүрслэлээр нь, ганцаар дүрсэлсэн, бусад бурхадын хамт дүрсэлсэн, язгуурын бурхадын хамт, оройд нь Хангарьдтайгаар, морьтой буюу Хатуу гурав суварганы хамт гэж үндсэн таван хэсэгт ангилсан байдаг.
Эзэн богд Чингис хааны тэнгэрлэг язгуур, сахиусын чанарыг билэгдэн, мөхөс би энэхүү бүтээлдээ Очирваань бурханы хөрөг дүрийг дахин шинээр зохиомжилж, тэнгэрийн хувилгаан сулд, хаадын хаан их хааны цог хийморийг нэгэн цул дүрд шингээн илэрхийлэхийг зорьсон болно.
Эзэн богд Чингис хааныхаа хувилгаан дүрийг мөхөс би “ОЧИРВААНЬ БУРХАНы”- хөрөг дүрээр зохиомжлон бүтээв.
Зураг: “ТЭНГЭРИЙН ХУВИЛГААН ОЧИРВААНЬ БУРХАН-ЧИНГИС ХААН” УМ БАЗАР ВААНИ ХУМ ПАД. 2025 зотон тос 130*130 см. Уран бүтээлч А.Чадраабал
Зургийн товч тайлбар: Чингис хаан бол ертөнцийг харах оюуны хязгааргүй уудам орон зайтай, бүхнийг шатрын хөлөг мэт дээрээс шинжилж, бүтээгчийн ухаанаар дэлхийн шинэ дэг, шинэ ертөнцийг цогцлоосон тэнгэрлэг мэргэн билээ. Энэ мэргэн ухааны мөн чанар нь Очирваань сахиусын догшин илчтэй хослон уг бүтээлийн төв цөмийг бүрдүүлж байна.