25/09/2025
Бангкок хотын Важира эмнэлгийн урд замын нуралтаас авах сургамж
2025 оны 9-р сарын 24-ний Лхагва гарагийн өглөө Тайландын нийслэл Бангкок хотын Важира эмнэлгийн урд хэсэгт томоохон хэмжээний замын нуралт гарч, 50 орчим метрийн гүн нүх үүссэн бөгөөд нүх хурдацтай тэлж эхэлсэн байна. Уг нуралтын гол шалтгаан нь тус бүсэд усны хоолой хагарч, метроны барилгын ажил явагдаж байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна.
Бид уг хэрэг явдалтай холбогдуулан барилгын ажил (метроны туннел, станц), хөрсний чанар, усны хоолойн эвдрэл болон их борооны нөлөө зэрэг олон хүчин зүйлсийн тухай мэдээллийг хүргэж байна.
Нуралт үүссэн шалтгаан 1. Уг газрын ойролцоо MRT буюу метроны шугамын шинэ барилгын ажил явагдаж байсан ба зарим хэсэгт газар доорх хоолой ба туннел хоорондын барилгын бүтээц муу, барилгын хамгаалалтын тогтворжуулагч хангалтгүй, ус зайлуулах систем сул байсныг Тайландын засгийн газрын эхний шалгалтаар тогтоосон байна.
Нуралт үүссэн шалтгаан 2. Замын доорх дүүргэлтийн буюу хөрс дүүргэсэн давхарга нь борооны ус буюу борооны улирал, газрын доорх ус, эсвэл эвдэрсэн хоолойноос шүүрэх ус зэрэг шалтгаанаар хөрс маш их чийглэгдэж, хөрсийг зөөллөж, хөрс урсгах нөхцөлийг нэмэгдүүлж, хөрс тогтворгүй газарт нуралт, суулт үүсгэх магадлалыг өсгөсөн.
Нуралт үүссэн шалтгаан 3. Тухайн газар нь ус татах чадвар багатай шавранцар хөрстэй бөгөөд их ус хуримтлагдахад сууриа алддаг. Энэ зөөлөн хөрс буюу шавран хөрсийг Bangkok clay гэж нэрлэдэг байна.
Уг хэрэг явдлаас бид юун дээр анхаарч, сургамж авах хэрэгтэй вэ гэвэл бага хэмжээний болон том хэмжээний барилгын ажил эхлэхийн өмнө хөрсний гүн, усны түвшин, давхаргын бүтэц, шаварлаг болон элсэрхэг давхаргын тархалтыг нарийн тогтоож, ялангуяа Монголд, гол мөрөн дагуух болон хуучин ус зайлуулах сувагтай газарт заавал маш нарийн судалгаа хийж зам, барилга доор борооны болон газрын ус хуримтлагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг анхаарах нь чухал юм. Мөн замын нуралтын олон тохиолдол усны хоолойны жижиг алдагдлаас эхэлдэг. Улсын эрх бүхий байгууллагуудаас усны болон бохирын шугамын алдагдлыг илрүүлэх тогтмол шалгалт явуулах хэрэгтэй.
Дараагийн ээлжинд барилгын суурь болон замын дор ашиглаж буй шороо, хайргыг үе давхаргаар нь шахаж нягтруулан тогтворжуулах хэрэгтэй. Монголд зарим барилга, замын суурь дутуу нягтруулалттай байдаг тул байшин барилга авахдаа барилгын чанараас илүү хаана, ямар газар дээр баригдсан бэ гэдгийг иргэд онцгойлон анхаарах хэрэгтэй.
Метро, туннел, гүний суурийн ажилд хөрсийг тогтоон барих хангалттай шороон хамгаалалт буюу түр барилгын ажлын хамгаалалтыг зайлшгүй хэрэглэх ёстой. Монголд гүн суурь ухах ажил (подвал, гүний машины зогсоол) нэмэгдэж байгаа тул энэ технологи заавал хэрэгтэй. Зам, барилгын ойролцоох хөрсний суултыг лазер болон GPS мэдрэгчээр тогтмол хянах нь чухал юм. Монголын хотуудын хувьд хаврын мөс хайлалт болон борооны ус зайлуулах сул системээс болж замын эвдрэл их гардаг тул хяналтын систем зайлшгүй шаардлагатай байна.
Уг нуралт үүссэн газрын хажууд харагдаж буй барилгын үндсэн ачааллыг эдгээр гүн суулгасан баганууд дааж байгаа учраас хөрсний гадаргуу нурсан ч барилга тогтвортой үлдэж байна. Барилга нурж унаагүй гол шалтгаан нь эдгээр гүн баганат суурь ачааг доорх тогтвортой хөрсөнд дамжуулж байсантай холбоотой юм.
Бангкокт гарсан энэ хэрэг явдал нь Монголын барилгын салбар, ялангуяа хотын суурь дэд бүтцэд хөрсний судалгаа, усны системийн хяналт, хамгаалалтын технологийн ач холбогдлыг тод харуулж байна.