05/01/2026
УЧРАЛ ЦАХИУР ХАГАЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ?
Дөнгөж сая буюу 2025 оны отгон өдрийн бага үдэд Улсын Их Хурлын чуулганы хаалтын ажиллагааг зурагтаар харлаа. Байдаг л нэг жижүүрийн ул дол болсон хаалтын залхуутай үгээс хамаагүй эрчтэй, дориун үгийг парламентын шинэ спикер Ням-Осорын Учрал айлдах нь тун содон сонсдов.
Энэ 2025 оны хамгийн азтай, одтой улс төрч бол Учрал гэдэгтэй хэн бугай ч маргахгүй болов уу. Түүнийг би энэ жилийн улсын наадамд 9 давахдаа ердөө 24 минутын хугацаа зарцуулж даваа бүхэнд хуурнин шуугисаар цахилгаан мэт цойлж түрүүлсэн Энхтүвшингийн Батмагнайтай адилтган зүйрлэж бодож буй. МАН-ын 300 мянган гишүүнтэй, Бага хурлын 479 гишүүнтэй нүсэр хүнд суртлын бүтцийг хага ярж, ов мэхт шатарчин Занданшатар, амаргүй Амарбаясгалан нарыг ташраар нь өвдөг шороодуулан эрх баригч намын сэнтийд залрахдаа Ням-Осорын Учрал дөнгөж 38 настай байлаа. Их улс төрд бараг хүүхэд гэмээр энэ нөхөр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлын дарга болоод ганцхан сар өнгөрч, өнөөдөр чуулганаа ер бус үгээр донжтой, итгэл найдвар төрүүлэн өндөрлүүллээ.
Намынхаа ээлжит их хурал дээр энэ идэрхэн эр тун чамбай жинтэй үг хэлсэн. Түүнд нь би хөөрцөглөөд “Учрал учиртай эргэн ирэв” хэмээн бичиж байлаа. Түүний хэлсэн үгийн шижир нь намд анхан шатнаас нь зүтгээгүй хэнийг ч цаашид албан тушаалын тооноор шагайлгахгүй, ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг чухалчилна зэрэг одоо цагт нэн ховордсон, моод болмоор хэллэгүүд байсан.
Харамсалтай нь хэлсэн үгийнх нь цуурай замхраагүй байхад хэл амтай экс сайд Номин, төрийн эргэлт хийсэн шахуу ял зэмд унаад байгаа Булгантуяа нарыг намынхаа шинэ Удирдах зөвлөлд багтааж нэгэнтээ бүдэрсэн бол Магнай трейдийн Ганзориг, Роснефть Монголын босс Ганбаатар нарын амны салиа нь арилаагүй хүү, охин хоёрыг төрийн өндөр албан тушаалын зэрэглэлд багтдаг Дэд сайдуудаар томилох визийг Удирдах зөвлөлөөсөө өгч хоёронтаа уначихаад байгаа.
Монгол Ардын Намын шинэ дарга Учрал “Манай нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж том амласан. Энэ нь 2027,2028 онд ард түмнийхээ дэмжлэгтэйгээр дахин ялж эрх баригч болно гэсэн санаархал нь бололтой.
Би ямар Ванга биш, МАН ард түмэндээ эргэн ирэх эсэхийг, иргэд, сонгогчдоосоо хэр зэрэг холдсоныг мэдэх юм алга.
Харин парламентын будаг нь хатаагүй шинэхэн спикер шинэ оны босгон дээр Ард түмнээ Төрийн хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ гэж чанга цовоо дуугарч байгаа нь надад лав таалагдаж байна.
Манайд өмнө нь сүржин даржин олон хөдөлгөөн огцом өрнөөд гэнэт унтарч байлаа. Цагаан хувьсгал, Ногоон хувьсгал, 2050-Алсын хараа, 14 мега төсөл, Шувуу, өөр юу юу ч билээ чамин нэртэй 5Ш ажиллагаа, Майдар хот, Сайншандын аж үйлдвэрийн парк, Дарханы арьс ширний цогцолбор, Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт биелдэггүй, чихэр долоолгосон гоё үлгэрүүд.
Ням-Осорын Учралын Чөлөөлье санаачлага дээрх муу жишгээр өлгийдөө унтарчихгүй л бол гоё юм. Бас Чөлөөлье санаачлагын яг урвуугаар ажиллаж, ТҮЦ ажиллуулдаг авгай хүүхнүүдийн нус нулимсаар наадаж, UB cab-ын жолооч нартай үзэж тарж, үсэрч наалдаж байгаа улсын тэргүүний хэрүүлч Хишгээгийн Нямбаатарыг манай хотын жолооноос зайлуулах бодит үйлдлээр аянаа эхлүүлбэл тун догь, үзүүштэй байхсан. Уг нь Чөлөөлөх нь Их Хурлын гэхээсээ Гомбожавын Занданшатарын Засгийн газрын шууд хариуцах, хийх ёстой ажил л даа. Гэхдээ Ховдын Бямбацогт сайд тэргүүтэн ард түмнээ баяжуулахаар “Ачит ихт” зэргийг “дээрэмдэхээр” ханцуй шамлаад элдэв зөвшөөрөл, гох дэгээтэй улаан гараараа үзэлцэх цаг завгүй байгаа бололтой.
Ням-Осорын Учрал өнөөдөр бас ард түмэндээ өөр нэг гэнэтийн бэлэг барилаа. Тэр нь үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн 16 багц арга хэмжээ бүхий Улсын Их Хурлын тогтоол. Монгол Улсын үе үеийн Засгийн газар сүүлийн 35 жилийн хугацаанд үнийн өсөлт гэдэг мангасыг зах зээлийн үл үзэгдэх гар аяндаа зохицуулна гэж манийгаа хуурч ирэв. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө нэртэй сүртэй агентлаг байгуулж, улаан хувьсгалч Магнай, ардын намын ирээдүйтэй зүтгэлтэн Мөнхчулуун, Бат-Эрдэнэ нарын шилдэг пиарчин кадруудаа даргаар нь томилоод ч үнэ гээчийг буулган авч хүчрээгүй л юмдаг.
Тэгвэл энэ арван таван толгойтой атгаалжин хар мангасыг шинэ 2026 онд хазаарлан номхотгохоо 40 нас ч хүрээгүй Учрал дарга маань парламентын хүндтэй индрээс зоригтой амлалаа.
Алгаа ташицгаах уу бүгдээрээ?
2025.12.31.